Friday 23 September 2016

                                            Тэр нэгэн залууд

Хагацаж холдсон өдрүүдийн уйг
Харцандаа бардам ч нууцхан зүрхэндээ уйлсан
Хайр халамжийг чинь үгүйлэн гансарсан
Өдөр өдрөөр өөрийгөө хурцалсан хоногуудад
Хэчнээн хайртайгаа мэдэрсэн ч хэтэрхий гомдсон гэнэн сэтгэл минь
Хээрийн салхинд хийсэх мэт сэвэлзсэн
Хэтэрхий омголон охин насны дурсамж нь чи

Хамгийн сайхныг мэдрүүлдэг нь чи
Хамгийн хэцүүг амтлуулдаг нь бас чи

Хажууд нь байхдаа мэдээгүй тэр үнэ цэнийг
Хагацаж холдоод бид мэдэрсэн
Хэт танхи хүүхдүүд
Хэтэрхий омголон ойлголцдоггүй явсан ч
Хайрын бэлэг болсон хөвгүүд минь
Харин дахин учруулсан…

Арван найман насны минь төгсгөлд чи ирсэн
Олон дундаас онцгой нь чи байсан
Даруу хэр нь ихэмсэг чиний зан
Дандаа намайг гэсэн үйлдэл бүхэн чинь
Давс адил намайг уусгасан
Алсад сурахаар одоход 
Ахин уулзахгүй гээд амлаад явахад ч 
Араас минь чи шантралгүй ирдэг

            Миний төлөө чи төрсөн юм шиг
Чиний халамжинд амьдрах гэж би ирсэн юм шиг
Зүрх сэтгэлийг минь чи эзэмдсэн
Хайрын минь чи авсан, тэвчээр сорьсон тоглоомны ялагч нь чи 
Xарин түүний шагнал нь
Хоёр хөөрхөн хүү чинь, бас үргэлж чамайг үйлдэл бүрээрээ гайхшруулдаг гэх тэр нэгэн                                                                                                                       эмэгтэй билээ…

                                                                           2016.08.22

Sunday 6 December 2015


Би ойлгодоггүй...
Хүүхэд насандаа хүн хорвоогийн хамгийн сайхан нь байдаг атлаа
Хөгширч нас ахихын хэрээр хөгийн санаа муут болдогийг би ойлгодоггүй
Эрчүүд л өөрсдөө эргүүлдэг жам байхад
Эмэгтэйчүүд эр булаалдаж муудахыг ойлгодоггүй
Хайртай дуртай гээд авч суусан хэр нь
Хүсэл мөрөөдлийг нь хүндэлдэггүй хүмүүсийг ер ойлгодоггүй
  
Салхин шуугих чимээнд сэтгэл хүртэл уярдаг байхад
Сайхан хэдэн үгээр дутаах харам сэтгэлийг би ойлгодоггүй
Сайн яваа нэгнээ хараад нэг нь ч гэсэн гээд баярлахын оронд
Саар үгээр муулан суух нөхдийг бас ойлгодоггүй…
2015.07.15

Monday 23 November 2015

Амьдралын минь анд чамдаа


 Хорвоод муу, сайн, тэнэг бас ухаантай хүн гэж байдаггүй. Тэд зүгээр л асуудлыг аль өнцгөөс харж, хэр цаг хугацааг хамарч авч үзсэнээс л шалтгаалж хариу үйлдлүүд гардаг юм гэнэ. 


Үе тэнгийн найзууд өргөсөн тангараасаа буцаж өстөн мэт уралдах өдөр байдаг ч
Үерхэл нөхөрлөл, өнгөрсөн цаг хугацаагаа бодоод хожим нэг уучилдаг учиртай
Үнэнчээр хайрласан нэгнээ үхдэл мэт болгон шархлуулах үе байдаг ч

Үхтлээ үзэн ядсан нэгнээ өдрийн дараа л хайрлан өрөвдөх үе бий учир
Өчигдөрхөн нөхөрлөж явсан нэгнээ үзэн ядаж хэмлэх хэрэггүй
Өөрөөс чинь бусад нь хайрлах хайрыг харамлаж бас адлах дэмий гэнэ
Өөртэй чинь адил зүрх сэтгэлтэй учир өөрөөлийн зүрх сэтгэлийг бас ойлго гэнэ
Хүсэл хяслаар дүүрэн хувирч хувьсах орчлонгийн жамыг 
Өнгөө гундаалгүй өнгөрөөж сурах хэрэгтэй гэнэ
Хүн учраас бид зүрхэндээ гэрэлтэх гэрэлтэй л амьдрах учиртай 
Хүн учраас бид хожим харамсах зовлонгүй явах учиртай гэнэ

Гомдол цөхрөлөө зүгээр зүрхнээсээ хаяж
Гутгал гунигаа сэтгэлээсээ гаргаад
Бүтэлгүйтэл доройтлоо бүгдийг нь мартаж
Бүгд сайхан болно гэж зүгээр л итгэх хэрэгтэй гэнэ
  
Хорвоо өөрөө бүгдийг тэнцүүлдэг жамтай учир
Авч байсан аз жаргалаа өгч бас сурах хэрэгтэй гэнэ
Хүний тавиланг олж энд төрсөн нь дэндүү их аз болохоор
Дандаа инээмсэглэж амьдрах нь бас үүрэгтэй гэнэ :-)


Saturday 1 June 2013

Ихэр эгч дүүс

                                                                                     
 Савандаа таарсан зовлонг жаргал амсах гэж үүрдэг
Салгаж эдэлвэл амттай мэт ч хосоор байх нь хяслан 
           Жаргал зовлон хэмээх ихэр эгч дүүсийг
Зогсолтгүй эрэн бид бэдэрдэг
      Хяслан дүүрэн хорвоод жаргалаараа бид түүнийг нууж
Зовлонгоо нуусан тэр  жаргалтайг азтай хэмээн цоллодог 
Хорвоо дүүрэн зовлон тачаал оршидог ч
               Хүн төрөлхтөн хэн нь хамгийн сайн нуух вэ хэмээх тоглоомыг тоглоно

               Хожлын эзэн нэгнээ тэд харин жаргалтай хэмээн нэрийддэг...

Monday 20 May 2013

Саруул ухаанд эрүүл бие

       Ус хэмээх дэлхий дээрхи хамгийн гайхамшигтай энэ эрдсийн дотоод бүтцийг гадны нөлөөгөөр болон бидний сэтгэл санааг даган хувирч өөрчлөгдөж байдгийг хэдэн жилийн өмнө эрдэмтэд тогтоосноор Усны филисофи хэмээх нэр томьёо үүссэн байдаг. Гэтэл дэлхийн бүхий л эд зүйлсд ус тодорхой хэмжээгээр агуулагдаж байдаг нь бүр гайхалтай. Харин энэ удаад эрхэм уншигч таны амьдралд бага ч гэсэн нэмэр болж магад хэмээн дотны хүнээсээ ирсэн нэгэн захидлыг бага зэрэг дэлгэрүүлэн судалж хуваалцахаар шийдлээ. 

       Япон улсад өргөн хэрэглэдэг нэгэн эмчилгээ бол өглөө босонгуутаа өл элгэн дээрээ 4 стакан ус ууснаар ужиг хууч өвчин төдийгүй орчин үед шинээр үүсэж байгаа зарим өвчин нь хүртэл 100% илааширч байгаа гэнэ. Тус аргыг туршиж үзсэн олон хүний амжилттай түүхүүд баталдаг гэнэ.

Үүнд: Толгой өвдөх, зүрх судасны өвчин, хэт зүрх цохилох, таргалалт, бронхит, багтраа , сүрьеэ, менингет, шээсний замын болон бөөрний үрэвсэл, ходоодны өвчин, суулгалт, өтгөн хаталт, нүд чих хамар хоолойн үрэвсэл, савны үрэвсэл, сарын тэмдгийн хэм алдагдах, хавдар зэрэг өвчнүүд амжилттай эмчлэгджээ. 

Хэрэглэх заавраас :1. Өглөө босонгуутаа шүдээ угаахаасаа өмнө өлөн байхдаа шүүсэн цэвэр ус 4-6 стаканыг ус уух  (1стакан нь 160мл) 
2. Тэгээд та дараа нь шүдээ угаах буюу амаа цэвэрлээд 45 минут юу ч битгий уу юу ч битгий идэхгүй ба 45 минутаас хойш хэвийн идэж болно.  
3. Өглөөний цайнаас хойш 15 минут, өдрийн хоолноос хойш 2 цагийн юм уух болон идэхгүй байх.
3. Өглөөний цайгаа уусний дараа 2 цаг юу ч битгий уу юу ч битгий идээрэй.
4. Хөгшин настай хүмүүс болон 4 стакан ус ууж чадахгүй хүмүүс бага багаар эхлээд аяндаа  стакан ууж чаддаг болтлоо оролдоорой . 

6. Та ингэж өглөө бүр ямаp өвчнөөс шалтгаалаад тодорхой хугацаагаар энэ дэглэмийг сахиж чадвал та өвчнөөсөө салж, гоо сайхан эрүүл амьдарч чадна.

Анхаарах зүйлс
ҮҮНД : 1. Хэрэв таны даралт тань ихэсдэг бол 30 хоног тасралтүй энэ aргыг хэрэглээрэй 
2. Ходоодны өвчтэй бол 10 хоног
3. Чихрийн шижинтэй бол 3 хоног
4. Өтгөн хаталттай бол 10 хоног
5. Хавдартай бол 180 хоног
6. Сүрьеэтэй бол 90 хоног

     Үе мөчний өвчтэй хүн эхний долоо хоногт ердөө 3 хоног уух ба 2 дахь долоо хоногоос элдэв сөрөг нөлөө үзүүлэхгүй бол үргэлжлүүлэн уух боломжтой юм. 

8. Мөн өмнөх орой нь спиртны төрлийн зүйлсээс татгалзахыг хичээх хэрэгтэй.

       Цэвэр ус уух нь хүний биеийг цэвэршүүлж, хорт бодисыг гадагшлуулах, бодисын солилцоог идэвхжүүлэх болон цус төлжүүлэх явцад сайнаар нөлөөлдөг.

     Та туршаад үзээрэй . Эрхэм уншигч танд эрүүл энхийг хүсье!  

Мөн өөрийн хэрэглэж үзсэн туршлага болон илүү дэлгэрэнгүй мэдээлэл байвал хуваалцахыг хичээнгүйлэн хүсье!

       Жич: Дээрхи аргын талаар шинжлэх ухааны ямар нэгэн баримт нотолгоо олж чадаагүй ч Энэтхэг болон Япон улсад өргөн түгээмэл дэлгэрсэн арга бөгөөд үүнтэй төстэй усан эмчилгээний аргуудыг 19-р зууны дунд үед европт, түүнээс өмнө  эртний Египет, Грек, Ромын соёл иргэншлийн үед хэрэглэж байсныг тогтоосныг эх сурвалжаас олсон болно. Мөн тус аргын талаар дэлхийн 2-р дайны дараа Японы хэвлүүдэд нийтлэгдэж байсан ба 60-с дээш насны япончууд бүгд шахуу мэддэг гэнэ. Бас 1 зүйл нэмж хэлэхэд 4 аяга ус уух нь ходоодны үйл ажиллагааг цочроох магадлал байж болзошгүй талаар зарим нэг хүмүүс ярьдаг бөгөөд миний бие өөрөө өдөрт 2 аяганаас илүү ууж чаддаггүй тул өглөөд 1-2 аяга уудаг болно.      
      Мөн хүний биологийн цагаар бол өглөө болон шөнийн цагаар цус өтгөрснөөс үүдэлтэй, даралт ихсэх аюул болон бусад өвчлөл нэмэгддэг тул ус уух нь эдгээр өвчнөөс сэргийлэх үндэслэлүүдийн нэг.  Түүнчлэн өглөөд элэгний шүүх чадвар хамгийн өндөр байдаг тул ус уух нь үр дүн нэмэгдүүлдэг.
  
Ашигласан эх сурвалжууд:
http://en.wikipedia.org/wiki/Water_cure_%28therapy%29
http://www.knowledgebase-script.com/demo/article-113.html 
http://www.pyroenergen.com/articles/drinkwater.htm
http://network.nature.com/groups/skepticism/forum/topics/640

2013.05.21

Sunday 12 May 2013

ТЭЦ 5-ын газар сонголт буюу сайдын хариултанд тайлбар хийх нь


             Гадны хөрөнгө оруулалагчид урт хугацааны хөрөнгө оруулалтаас илүүтэй богино болон дунд хугацаанд төслүүдэд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байдаг. Энэ ч мэдээж хэрэг. Та хөрөнгө оруулагч бол бас л ийм сонголт хийх байсан биз. Хэн ч урт хугацаанд дараа хөрөнгө оруулалтын анхны ашгаа нөхөх зүйлд мөнгөө түгжихийг хүсэхгүй.
Харин улс орны бодлогын хувьд бол арай өөр байх учиртай. 
     Аливаа бодлого шийдвэр нь алсын хараатай байж, ойрын хэдэн жилдээ эдийн засгийн ашиг багатай байж болох ч урт хугацаанд хүн амын эрүүл мэнд болон байгаль экологидоо ээлтэй байх гэсэн үндсэн зарчим агуулагдах ёстой.


    …Бидний хүсэн хүлээсэн ТЭЦ 5 барих газар сонголтын талаар асуусан сэтгүүлчийн асуултанд салбарын сайд:

Газарзүйн байршлын хувьд хамгийн оновчтой газар нь Хөлийн голын хөндий байсан. Хослон үйлдвэрлэж байж ашгаа өгдөг нь эрчим хүчний салбарын нэг онцлог. Түүний дээр зүүн зүгт эрчимтэй тэлж буй Улаанбаатарын хэрэгцээг бодсон ч ТЭЦ-5-ыг Хөлийн голын хөндийд барихаас аргагүй. Хөгжингүй орнуудад хотын төвдөө станц байгуулсан нь олонтаа. Манайхтай адил хар утаа суунагладаггүй болохоор анзаардаггүй байж болох талтай. Орчин үеийн технологиор байгаль орчинд халгүй станц барих бүрэн боломжтой.” гэсэн хариулт өгсөн байна.                                 /www.news.mn 2013 оны 4 сарын 23/
     
       Тулгарч буй асуудлаа шийдэх гэсэн сайдын чармайлтыг хүндэтгэж, манай улсад ТЭЦ 5 хэрэгтэй гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч түүний шийдвэрт зарим нэг зүйлийг анхаарч үзээсэй гэсэндээ дараах тайлбаруудыг бичлээ.

Сайдын хариултанд тайлбар хийх нь:
1.     “Газарзүйн байршлын хувьд хамгийн оновчтой газар нь Хөлийн голын хөндий байсан.”

Тайлбар:
  •  Хөлийн голын хөндий бол нийслэлчүүдийн ундны эх үүсвэрийн дээд хэсэгт буюу ариун цэврийн хамгаалалтын хоёрдугаар бүст багтдаг экологийн ач холбогдолтой газар юм. Иймээс өмнөх хотын ерөнхий төлөвлөгөөнд хотын зүүн хэсгийг эко бүс болгохоор тусгасан байсан нь санаан зоргоор шийдсэн хэрэг биш бөгөөд ганц усны хувьд бус хотын экологийн хувьд олон талын ач холбогдол бүхий газар юм. Харин цахилгаан станц эрчим хүч үйлдвэрлэх явцдаа экологийг хэрхэн доройтуулж буйн тод жишээг одоо ажиллаж буй ТЭЦ 4-ын ойр орчноос нь харахад л хангалттай.  Ер нь улсын бодлого шийдвэр тухайн тухайн орон нутгийн шийдвэр төлөвлөлттэй уялддаггүй, нэг дарга гараад л тооцоо судалгаагүй, үндэслэл муутай шийдвэрүүд гаргадаг нь түгээмэл.
  • Мөн төлөвлөснөөр ТЭЦ 5 баригдах бол хотын иргэдийн зовлонгуудын нэг агаарын бохирдлыг нэмэгдүүлэхэд ч үнэтэй хувь нэмэр оруулах сайн байрлал  гэдгийг тайлбарлах илүүц биз. Учир нь хотын салхины урсгал зуны улиралд зүүнээс баруун тийш урсгалтай болдог тул ядаж цэвэр агаар амьсгалах хэдэн сар иргэдэд үлдээх хэрэгтэй.
  • Энэ бүхний цаана хөндөгдөөгүй үлдэж буй ганц асуудал гэвэл өнөөгийн болон ирээдүйн иргэдийн эрүүл мэнд. Нүүрсний цахилгаан станцын агаарт дэгдээх хүхрийн хүчил, азотын хүчил, мөнгөн ус зэрэг нь хүн, байгальд хөнөөл учруулдаг. Мөн цахилгаан станц эрчим хүч ялгаруулах явцдаа асар их үнс үйлдвэрлэн цахилгаан соронзон орон үүсгэдгийг бид сайн мэднэ. Тийм ч учраас түүний ойр хавьд суурьшлын бүс байхыг хориглодог.
     Харин ТЭЦ 5 баригдах ойр орчимд Ургах наран хороолол тэргүүтэй газруудад иргэд амьдардаг. Цаашдаа ч олон орон сууцны барилга баригдахаар төлөвлөгдсөн газар. Бас станцаас гарсан цахилгаан соронзон орон бүхий үнс бидний ундны эх үүсвэрт орохгүй гэсэн баталгааг шаардах эрх ч бидэнд бий.

     Соц нийгмийн үед Туул голын эрэг дагуу арьс шир боловсруулах үйлдвэрүүд баригдаж, одоо тэднийг нүүлгэх гээд хүчин мөхөстөж буй хотын удирдлагуудын толгойны өвчний тухай түүхийн гашуун сургамж ч бас бидэнд бий. 
2.     “Хослон үйлдвэрлэж байж ашгаа өгдөг нь эрчим хүчний салбарын нэг онцлог. Түүний дээр зүүн зүгт эрчимтэй тэлж буй Улаанбаатарын хэрэгцээг бодсон ч ТЭЦ-5-ыг Хөлийн голын хөндийд барихаас аргагүй.”

      Тайлбар:
     Хослон үйлдвэрлэх нь өндөр ашигтай боловч “аргагүй” гэдэг үг хэтэрхий хувиа хичээсэн, харалган сонголт мэт. Магадгүй тэр хавьд баригдах орон сууцуудад цахилгаан татахад нэмэртэй бас ашигтай учир “аргагүй” гэж хэлэх ч бас аргагүй байж мэднэ. Цахилгаан байхад дулааны асуудлыг шийдэх олон арга бий. Тэгээд ч Орос манай 2 улсад ашиглагддаг паараар ус гүйлгэн дулаан дамжуулах технологи АҮФ хамгийн бага арга.

3.     “Хөгжингүй орнуудад хотын төвдөө станц байгуулсан нь олонтаа. Манайхтай адил хар утаа суунагладаггүй болохоор анзаардаггүй байж болох талтай. Орчин үеийн технологиор байгаль орчинд халгүй станц барих бүрэн боломжтой.”

Тайлбар:
     Дэлхийд эрчим хүч гаргаж авдаг хэдэн технологи бий.  Эдгээрийг хувьчилсан судалгаанаас харвал 41% нь нүүрснээс, 5% нь газрын тос, 21% нь байгалийн хий, 13% нь атомын, 18% нь ус болон 3% нь бусад эх үүсвэрээс бүрддэг байна.
      Хөгжингүй орнууд хотын төвдөө байрлуулдаг гэдэг бол европын орнуудын жишиг. Учир нь тэд атомын цахилгаан станц, газ, нефть зэргийг ашигладаг бол эдгээр технологи нь АҮК өндөртэй үүнийгээ дагаад байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл ч бага. Бас эдгээр орнуудын уур амьсгал манай орноос ондоо өвлийн улиралд орон байраа халаахад манайх шиг их эрчим хүч ашиглах шаардлагагүй. Тэгээд ч хотожсон газар нутаг багатай эдгээр орнуудад хотоосоо хол барих газар нутаг ч хомс байдаг бас холбогдоно.

     Харин манайд баригдах ТЭЦ 5 бол сайдын хэлж байгаагаар эх үүсвэрийг нь өөрчлөхгүй л юм бол нүүрсээр ажиллах нь дамжиггүй. Нүүрс түлнэ гэдэг утаа гарна л гэсэн үг. Тэгвэл манайхтай адил хэрэглээтэй, нүүрсний эрчим хүчний хэрэглээгээрээ дэлхийд 1т ордог Хятад улс хотын төвдөө лав байрлуулдаггүй билээ.

Шийдэл эрэлхийлэх нь:
        ТЭЦ 5-ийг Багануур дүүрэгт баригдах нь одоо зардал өндөртэй байж болох ч алсдаа ашиг авчрах тохиромжтой байрлал гэдэгтэй олон мэргэжилтнүүд санал нийлдэг. Алсдаа ашигтай гэдэг нь Багануурын нүүрсний уурхай түшиглэн барьснаар цахилгаан станцын гол зардал болох нүүрсний тээвэрлэлтийн зардлыг цаашдаа тэглэнэ гэсэн үг. Нэмэгдэх зардал гэвэл өнөөдөр ашиглагдаж буй өндөр хүчдэлийн шугамыг алсдаа шинэчлэх шаардлага гарна.
    Энэ талаар 2009 оны “Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө, хот байгуулалтын хөтөлбөрийн судалгаа”-нд ч Багануур дүүргийг нөөцөд суурилсан “Эрчим хүчний төв” болгох нь тохиромжтойг баталсан байдаг. Багануурт ТЭЦ барих нь дулаан дамжуулах боломжгүй гэдэг гол шалтгаан байдаг хэдий ч бид алсдаа гарах хор хохирлоо тооцож, дулааны асуудлыг өөр аргаар шийдвэрлэх хэрэгтэй.  Дэлхийн хөгжингүй орнуудын олон жилийн туршлагийн дүнд бий болсон байгальд хоргүй технологигоор үйлдвэрлэж чадахгүй ч иргэдийнхээ эрүүл мэнд амьдрах орчны талаар бодолцон ядаж байрлалаа зөв сонгох нь чухал юм.

       Эцэст нь хэлэхэд хэдийгээр Засаг даргын захирамжилсан ТЭЦ 5-ын газрын байгаль орчны үнэлгээ гараагүй байгаа боловч судалгаа тооцоог тоодоггүй шийдвэр гаргагчдад бол энэ асуудал биш байж болно. Иймээс өнөөдөр ингэж бичихийн учир зарим нэг эдийн засгийн ашиг хэмээх ганц ашиг л ярьж, богино хугацааны харалган шийдвэр гаргах дуртай хүмүүст зориулсан болно.
     Монгол улс эмзэг эко системтэй гэж бид ярих дуртай үнэндээ энэ бол нэгэнт сүйдэж доройтсон газар эргэн сэргэхэд хэцүү гэсэн үг. Ингэж бодоод тус шийдвэрийг хамгийн энгийнээр үлгэрлэн хэлбэл угийн ходоодны үйл ажиллагаа муутай хүн гэдэс амархан цатгадаг гээд хямд төсөр эрүүл мэнддээ муу хүнс ходоодруугаа шидэж, дараа нь эрүүл болох зүдрэхтэй жишиж болмоор санагдана.

2013.05.12